31.10.26
AI-тай өнгөрүүлсэн нэг жил: Асуулт асуухаас баг удирдах хүртэл
Жилийн өмнө би Claude-тай анх танилцахдаа ердөө л ганц хоёр асуулт асууж, хариуг нь аваад л чатаа хаадаг байлаа. Одоо бол хийх ажлынхаа гол сэдвийг…
Зохиогч: Батжа
31.10.26
AI-тай өнгөрүүлсэн нэг жил: Асуулт асуухаас баг удирдах хүртэл
Жилийн өмнө би Claude-тай анх танилцахдаа ердөө л ганц хоёр асуулт асууж, хариуг нь аваад л чатаа хаадаг байлаа. Одоо бол хийх ажлынхаа гол сэдвийг…
Зохиогч: Батжа
Програм хангамж · 4 мин
AI-тай өнгөрүүлсэн нэг жил: Асуулт асуухаас баг удирдах хүртэл
Жилийн өмнө би Claude-тай анх танилцахдаа ердөө л ганц хоёр асуулт асууж, хариуг нь аваад л чатаа хаадаг байлаа. Одоо бол хийх ажлынхаа гол сэдвийг тайлбарлаж, эх материалаа бэлдэж өгөөд, гарсан үр дүнг нь хамтдаа засч сайжруулдаг болж. Зарим томоохон ажил дээр бүр хэд хэдэн AI агентыг зэрэг ажиллуулж байна.
Энэ хугацаанд миний бие зэрэг зэрэг хэд хэдэн ажил хийхийн хажуугаар Бизнес удирдлагын магистраар суралцаж байгаа юм. Олон ажил зэрэг хийдэг болохоор цаг байнга давчдана. Энэ асуудлыг AI тусламжтайгаар даван туулж байгаа туршлагаа хуваалцахаар шийдлээ. Өнгөрсөн нэг жилийн хэрэглээгээ эргээд харахад AI-тай ажиллах маань дөрвөн өөр үе шатыг туулжээ.
1-р үе: Хайлтын систем шиг ашигладаг байв
Анхандаа Claude-аас компанийн түүх, iPhone-ийн тохиргоо, бичиг баримт бүрдүүлэхэд юу хэрэгтэй вэ гэх мэт зүйлсийг л асуудаг байлаа. Текст орчуулуулж, урт материалыг товчлуулна. Интернэтээс олсон бэлэн "prompt"-уудыг ч хуулж тавьж үзнэ.
Бүр нэг удаа "Надад вэбсайт хийгээд өг" гэж ганц өгүүлбэр бичиж билээ. Тэгээд гарч ирсэн HTML файлыг нь хадгалж аваад л хаячихсан. Тэр үед авч байсан хариултууд тухайн мөчдөө хэрэг болдог ч дараа дараагийн ажилтай маань огт холбогддоггүй байв. Миний ашиглаж байгаа хэлбэр ерөөсөө л "асуулт асуух - хариулт авах" гэсэн хүрээнд хязгаарлагдаж байлаа.
2-р үе: Бодит ажил даалгаж эхэлсэн нь
Яваандаа өдөр тутмынхаа ажлыг даалгаж, шууд ашиглаж болохуйц бэлэн файл хүсдэг болсон. Гурван нийлүүлэгчийн саналыг харьцуулсан олон хуудас Excel файл гаргуулж, хамтын ажиллагааны саналд зориулж 16 слайдтай танилцуулга бэлдүүлнэ. Сошиал нийтлэлийн инфографик, Reels-ийн скрипт, MBA-ийн шалгалтын бэлтгэл, даалгаврууд дээрээ ч ашиглаж эхлэв.
Яг энэ үед эх материалаа сайн өгөх нь ямар чухлыг ойлгосон юм. Эх баримт, жишээ, хүсэж буй хэлбэрээ хавсаргаад өгөхөөр үр дүн нь илт сайжирна. Зөвхөн "юу хийлгэх"-ээ хэлээд зогсохгүй, "ямар материал дээр ажиллах", "эцэст нь ямар үр дүн хүсэж байгаа"-гаа нарийвчлан тайлбарлах шаардлагатай болсон.
3-р үе: Замаасаа буцалгүй долоо хоногийн төслүүдийн ард хамтдаа гарч эхэлсэн нь
Зун гэхэд AI-тайгаа хэдэн долоо хоног, заримдаа сараар үргэлжлэх том төслүүд дээр сууж эхлэв. Төслүүдийнхээ аналитик дашбордын өгөгдлийг шинэчилж, гар утасны хувилбарыг нь засварлан сайжруулсан. Стартапын бизнес төлөвлөгөө, MBA-ийн дипломын ажлын санал, сургуулийн стратегийн гүйцэтгэлийн дашборд дээр ч цуг ажиллалаа. Бүр вэбсайтынхаа AI хайлтын системд хэрхэн харагдах байдлыг (GEO) хүртэл шалгуулж байв.
Төсөл үргэлжлэх тусам AI-ийн санах ой туйлын чухал болж ирсэн. AI намайг болон миний төслүүдийг санадаг болсноор чат болгоны эхэнд бүх зүйлийг шинээр тайлбарлах төвөг багассан юм. Бас нэг том өөрчлөлт нь эхний гарсан хариуг ердөө л "анхны ноорог" гэж хүлээж авдаг болсон. Ганц команд заавраар төгс зүйл гаргуулах гэж оролдохоос илүү 3–5 удаа дарааллуулан тодорхой засвар оруулах нь хавьгүй үр дүнтэй байв.
Алдаа ч багагүй гарна. Нэг файлыг олон дахин засуулахаар өөр нэг хэсэг нь эвдрэх тохиолдол гарна. Түүнээс хойш засвар бүрийн дараа заавал автомат шалгалт (testing) ажиллуулж хэвшсэн.
4-р үе: Ажлын орчин руу минь шууд нэвтэрсэн туслах
Figma, Google Drive, Gmail, Vercel болон хөтчөө холбосноор AI миний өдөр тутмын ажлын орчинд шууд орж ирсэн. Файл, мэдээллээ нааш цааш хуулж зөөх шаардлагагүй болж, ажлын хурд өөр түвшинд гарлаа. Сүүлийн хэдэн долоо хоногийн ажлуудаа харахад энэ өөрчлөлт тод харагдана:
Figma дээр: Шинэ файл нээлгээд блогийн эх загвар зурж, гар утасны хувилбар болон холбоо барих хуудсыг нэмүүлсэн. Мөн 15 хуудастай Figma файлын дизайн системийг шалгуулж, өнгө, фонт, булангийн радиусыг нэг стандарттай болгосон.
Аюулгүй байдал & Судалгаа: Тестийн орчин дахь вэбсайтдаа пассив аюулгүй байдлын аудит хийлгэж, эрсдэлүүдийг нь жагсаасан. Судалгааны ажил дээр хэд хэдэн AI агентыг зэрэг ажиллуулж, 21 кейс багтаасан тайлан гаргуулсан.
Брэндинг: Хувийн блогийнхоо брэндинг, нийтлэлийн нүүр зураг, баннер, олон нийтийн сүлжээнд холбоос хуваалцахад харагдах OG (Open Graph) зургуудыг хийлгэсэн.
Шинэ skill (ур чадвар)-уудыг суулгаж ажлынхаа урсгалд нэмэх тусам миний хүсэлт "Энийг бичээд өг" гэхээсээ илүү "Ажил хуваарилах, явцад нь чиглүүлж удирдах" хэлбэртэй болж өөрчлөгдөж байна.
Нэг жилийн өмнө ба одоо

Энэ хугацаанд би AI-аас илүүтэй өөрийгөө ажлаа тодорхой тайлбарлаж, хэсэгчлэн хувааж, хянаж сурсан байна. Яг л шинэ хүнд ажил даалгаж байгаа юм шиг, юу хүсэж байгаагаа маш ойлгомжтой хэлэх хэрэгтэй байдаг юм билээ.
Эхэлж байгаа хүмүүст өгөх 5 зөвлөгөө
Өнгөрсөн нэг жилийн туршлагаас надад дараах таван дадал хамгийн тустай байлаа:
Өнөөдөр хийх ёстой нэг л ажлаа AI-тай хамт хийгээд үз. Бодит ажил дээр юу нь болж, юу нь болохгүй байгааг шууд анзаарна.
Эх баримт, жишээ зураг, хүссэн хэлбэрээ цогцоор нь өг. Өөрийн чинь тархинд байгаа мэдээллийг AI бас мэдэж байгаа гэж хэзээ ч бүү бод.
Эхний гарсан үр дүнг ердөө ноорог гэж хүлээж ав. "Илүү гоё болго" гэхийн оронд яг аль хэсгийг, яаж өөрчлөхийг нь тодорхой зааж өг.
Ашигладаг хэрэгслүүдтэйгээ холбо. Файл, загвар, өдөр тутмын ажлын материал дээрээ шууд ажиллуулаад эхлэхээр хэрэглээ нь тэс өөр түвшинд очно.
Гарсан ажлыг өөрөө заавал шалга. Тоо баримт, эх сурвалж, код, аюулгүй байдлыг нягталж, эцсийн шийдвэрийг ямагт өөрөө гарга.
AI-тай ажиллаж сурсан, сураагүй хоёр хүний ялгаа цаашдаа хэр хол зөрөх бол гэж би боддог. Миний туршлагаар бол тэр ялгаа аль хэдийн мэдэгдэхүйц гараад эхэлжээ.