03.11.26

Ирээдүйн ажлын байр ба шаталсан бүтцийн мөхөл

“Шийдвэр гаргагчид тэмээн хяруул шиг толгойгоо элсэнд булбал, элсэн шуурга тэднийг толгойгоо ч гаргаж чадахааргүй болтол нь булж орхино.” — Jon-Arild…

Зохиогч: Батжа

03.11.26

Ирээдүйн ажлын байр ба шаталсан бүтцийн мөхөл

“Шийдвэр гаргагчид тэмээн хяруул шиг толгойгоо элсэнд булбал, элсэн шуурга тэднийг толгойгоо ч гаргаж чадахааргүй болтол нь булж орхино.” — Jon-Arild…

Зохиогч: Батжа

Ном & кино

Ном & кино  ·  5 мин

Ирээдүйн ажлын байр ба шаталсан бүтцийн мөхөл

The Workplace of the Future

“Шийдвэр гаргагчид тэмээн хяруул шиг толгойгоо элсэнд булбал, элсэн шуурга тэднийг толгойгоо ч гаргаж чадахааргүй болтол нь булж орхино.” — Jon-Arild Johannessen

Таны өнөөдөр хийж байгаа ажлын тал хувийг маргаашнаас робот хийдэг болчихвол үлдсэн хугацаанд та юу хийх вэ?

Энэ асуултыг Норвегийн Норд их сургуулийн манлайллын профессор Жон-Арильд Йоханнесений 2019 онд хэвлүүлсэн The Workplace of the Future ном тавьсан юм.

Сонирхолтой нь, уг номыг ChatGPT бий болохоос гурван жилийн өмнө бичжээ. Тиймээс 2026 онд уншихад зохиогчийн олон таамаг өнөөдрийн технологийн өөрчлөлттэй хэрхэн нийцэж байгааг анзаарах боломжтой.

1. Дундаж давхарга шахагдана

Номын гол санаа нь робот, хиймэл оюун ухаан, ухаалаг системүүд байгууллагын уламжлалт шаталсан бүтцийг өөрчилнө гэсэн таамаглал юм.

Технологи хөгжиж, бүтээмж нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн үр өгөөж ажилтнуудын цалингаас илүүтэй хөрөнгө эзэмшигчдэд төвлөрч болзошгүй.

Үүний үр дүнд ажлын байр хоёр туйлд хуваагдана. Нэг талд өндөр ур чадвар шаардсан, өндөр цалинтай цөөн ажлын байр, нөгөө талд бага ур чадвар, бага цалинтай олон ажлын байр бий болно. Харин дундаж түвшний ажил, түүнийг дагасан дундаж давхарга шахагдах эрсдэлтэй.

2. Нийгмийн шинэ давхаргууд

Зохиогч ирээдүйн нийгмийг таван бүлэгт хуваан төсөөлжээ.

  • Супер баячууд — Хөрөнгө, бизнес, технологи эзэмшигчид.

  • Өндөр цалинтай мэргэжилтнүүд — Инноваци бүтээгч, өндөр ур чадвартай хүмүүс.

  • Тогтворгүй хөдөлмөр эрхлэгчид (Precariat) — Богино хугацааны гэрээгээр ажилладаг, ажлын байрны баталгаагүй хүмүүс.

  • Ажил хөдөлмөр эрхэлдэг ядуус — Олон ажил хийсэн ч амьжиргаагаа арай ядан залгуулдаг хүмүүс.

  • Нийгмийн дэмжлэгт түшиглэгчид — Байнгын ажилгүй, төрийн болон суурь орлогын дэмжлэгээр амьдардаг хүмүүс.

Энд онцлох ойлголт бол Precariat. Өнөөдөр ажилтай байсан ч маргааш ажилтай байх эсэх нь тодорхойгүй, ирээдүйгээ төлөвлөхөд бэрх хүмүүсийг хэлнэ.

3. Тогтворгүй хөдөлмөр эрхлэгчдийн дөрвөн төрөл

Зохиогч энэ бүлгийг дөрөв ангилжээ.

  1. Underemployed — Мэргэжил, ур чадвараасаа доогуур ажил хийдэг хүмүүс.

  2. Underpaid — Эзэмшсэн боловсрол, чадвартайгаа харьцуулахад бага цалин авдаг хүмүүс. Зохиогч үүнийг “хүлээлтийн хямрал” гэж нэрлэсэн.

  3. Knowledge entrepreneur — Мэдлэг, ур чадвараа бие даан байгууллагуудад гэрээгээр борлуулдаг мэргэжилтнүүд.

  4. Vagabond worker — Өөр улсад шилжин суурьшсан болон хөдөлмөрийн зах зээлд хязгаарлагдмал боломжтой хүмүүс.


Эдгээр хүмүүсийн нийтлэг шинж нь ажлын байр, орлогын тогтвортой байдал муу, ирээдүйн баталгаа сул байдагт оршино.

4. Ирвэс байгууллага ба шинэ төрлийн ажилтан

Зохиогч ирээдүйн байгууллагын бүтцийг “Ирвэс байгууллага” (Panther organization) гэж нэрлэжээ.

Уламжлалт байгууллага тогтсон үүрэг, шаталсан удирдлагатай байдаг бол ирвэс байгууллага хурдан, уян хатан, хэрэглэгчийн хэрэгцээнд төвлөрдөг.

Мөн зохиогч ирээдүйн ажилтнуудыг “унтлагын хувцастай ажилтан” (Pyjama worker) гэж нэрлэсэн нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл, заавал оффист суухгүйгээр хаанаас ч ажлаа хийж, үр дүн гаргах боломжтой хүмүүс.


Ийм орчинд амжилт гаргахад гурван төрлийн капитал чухал:

Амжилт = Оюуны капитал + Нийгмийн капитал + Улс төрийн капитал

  • Оюуны капитал: Боловсрол, мэдлэг, туршлага.

  • Нийгмийн капитал: Харилцаа холбоо, итгэлцэл, хамтын ажиллагаа.

  • Улс төрийн капитал: Шийдвэр гаргагчидтай харилцах, нөлөөлөх боломж.

Зөвхөн дипломтой байх хангалтгүй. Ирээдүйд юу мэддэгээс гадна хэнтэй хамтран ажиллаж чаддаг байх нь чухал болно.

5. Лего зарчмын уян хатан байгууллага

Ирээдүйн байгууллагууд бүх ажлыг өөрсдөө хийх шаардлагагүй болно. Лего тоглоомын адил ажлуудаа салгаж, хамгийн чадварлаг, зардал багатай баг, байгууллагад хуваарилна.

Жишээлбэл, мэдээллийн технологийн үйлчилгээг Энэтхэгээс, борлуулалтыг Лондоноос, удирдлагыг Берлинээс авч болно.

Ингэснээр байгууллага том бүтэц, олон ажилтантай байхаас илүүтэй дэлхийн хаанаас ч шаардлагатай ур чадварыг сонгон ашиглах боломжтой болно.

Мөн эрх мэдэл уламжлалт пирамид бүтцээс харилцаа холбоонд тулгуурласан сүлжээ хэлбэрт шилжинэ. Хэрэглэгчийн туршлага, үйлчилгээний чанар илүү чухал байр суурь эзэлнэ.

6. Ажлын байртай байх, ажилтай байх хоёр өөр

Номын нэг чухал санаа бол:

Ажлын байр (Job) гэдэг нь таны албан тушаал. Харин ажил хөдөлмөр (Work) гэдэг нь таны хийж буй үйл ажиллагаа, бүтээж буй үнэ цэн юм.

Ажлын байр өөрчлөгдөж болно. Харин мэдлэг, ур чадвар, бүтээх чадвар үргэлжилнэ.

Цахиурын хөндий, Сингапур зэрэг бизнесийн төвүүдэд нэг төсөл бүтэлгүйтсэн ч дахин эхлэх боломж, шинэ хамтрагч, хөрөнгө оруулалтын орчин бүрдсэн байдаг.

Тэгвэл Улаанбаатарт ийм орчин бий юу?

Миний бодлоор бүрэлдэж эхэлж байна. Гэхдээ бизнесийн бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрөх соёл, дахин эхлэх боломж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин маань илүү хөгжих шаардлагатай.

Номын шүүмжлэлтэй тал

Зохиогчийн дүрсэлсэн ирээдүй зарим талаар хэт гутранги, таамаглал нь зоримог санагдана. Тухайлбал, багш нарыг робот, голограммаар орлуулах зэрэг санаа өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна.

Мөн ном өндөр хөгжилтэй орнуудын хөдөлмөрийн зах зээлд тулгуурласан. Монголын хувьд дундаж давхарга бүрэн төлөвшиж амжаагүй байхад технологийн шинэ давалгаа ирж байгаа нь өөрийн гэсэн онцлогтой.

Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан, гэрээт хөдөлмөр, алсын зайнаас ажиллах хэлбэрүүд эрчимтэй хөгжиж байгаа нь номын үндсэн санааг улам бодитой болгож байна.

Надад үлдсэн сургамж

Номын санааг дараах зүйлсээр нэгтгэж болно.

  • Диплом хангалтгүй. Бие даан сэтгэх, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх.

  • Салбар дамнан суралц. Шинэ боломжууд өөр өөр салбарын огтлолцолд бий болдог.

  • Харилцаа холбоогоо хөгжүүл. Итгэлцэлд суурилсан нийгмийн капитал ирээдүйн баталгаа болно.

  • Нэр хүндээ хамгаал. Таны хийсэн ажил, бусдад үлдээсэн итгэл хамгийн үнэ цэнтэй хөрөнгө.

  • Өөрчлөлтөөс бүү зугт. Шинэ боломж, шийдэгдээгүй асуудлыг олж харж, түүнд бэлд.

Төгсгөлд нь

Энэ номыг уншаад надад нэг бодол үлдсэн.

Робот бидний ажлыг булаах уу гэдэг нь гол асуудал биш. Харин бид өөрсдөө өөрчлөгдөхөд бэлэн үү гэдэг нь илүү чухал юм байна.

Өмнө нь амжилттай байсан ажил мэргэжил, байгууллагын бүтэц маргааш үнэ цэнээ алдаж болно. Тиймээс өөрчлөлтийг хүлээж суух биш, түүнд бэлдэх хэрэгтэй.

Харин та өөрийгөө ирээдүйн нийгмийн аль хэсэгт харж байна вэ? Тэнд хүрэхийн тулд өнөөдөр юу хийж байна?

Батжа нь ингэж бодов 🙂


Таалагдсан уу?

Hi-five өг

– Hi-five